Цистит гэж юу вэ?

A- A A+
Цистит гэж юу вэ?

Цистит гэж юу вэ?

Давсагны үрэвслийг цистит гэж нэрлэдэг. Давсганд ямар нэгэн бактери удаан хугацаанд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй байсантай холбоотойгоор  архаг болон цочмог хэлбэрээр үрэвсэл явагдаж болно.  Цистит үүсэх нийтлэг шалтгаан нь бактерийн халдвар байдаг.

Давсганд бактери орж үрэвсэл үүсгэхэд дараах процесс болно. 

Бактери нэвтрэх үе: Давсганд бактери орж үржих

Бэхлэгдэх үе: Бактериуд тоо нь олширч шээсний замын эпителд наалдан бэхлэгдэнэ. Ингэснээр шээсээр зайлагдан гадагш гарах боломжгүй болно.

Дархлаанаас өөрийгөө нуух үе: эзэн эсийн дархлааны хариу урвалд өртөхгүй өөрийгөө хамгаалж эдэд үлдэнэ.

Үрэвсэл үүсгэх үе: дээрх үеийг өнгөрөөсөн бактери өөрөөсөө хоруу чанараа ялгаруулан шээсний замыг үрэвсүүлж эхлэнэ. 

Давсганд үрэвсэл явагдаж эхлэсэн үед танд дараах шинжүүд илэрч болно. 

  • Шээх үед шээсний сүвээр хорсох мэт өвдөх
  • Ойр ойрхон бага багаар шээх, шээж дуусмагц дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх
  • Шөнө олон шээх
  • Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх зарим тохиолдолд цустай шээж болно.
  • Үрэвслийн зэргээс хамаарч зарим тохиолдолд халуурч болно.
  • Бэлгийн хавьтлын үед өвдөлт өгөх нь давсагны үрэвслийн шинж байж болно.

Гэхдээ энэ бүх зовиур нэг дор илрэх боломжгүй бөгөөд тухайн хүний биеийн онцлог, дархлааны системээс хамаарч шинж бүрээр илэрнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Онош батлахын тулд дараах шинжилгээг хийнэ.

  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний бактериологи
  • Хэвлийн эхо 

 

Эмчилгээний зарчим

  • Дур мэдэн эмчлэхгүй байх
  • Антибиотик мэдрэг чанарт үндэслэн эмчилгээний аргыг сонгох
  • Эмчилгээг эмчийн заавраар бүрэн гүйцэт хийх

Хэрэв танд дээрх зовиуруудын аль нэг илэрч байгаа бол нарийн мэргэжлийн эмчид хандаарай. 

Дотрын эмч Б.Наран-Амгалан