Уян дурангаар улаан хоолой, ходоод, дээд гэдсийг дотор талаас нь харж шинжлэх ба эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд эдийн шинжилгээ авдаг, мөн гадны биет авах, ургацаг авах, цус тогтоох зэрэг эмчилгээ хийдэг оношилгоо шинжилгээний арга юм.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ЗҮГЭЭС АНХААРАХ ЗҮЙЛС
Доор дурдсан зөвлөмжүүд нь гарч болзошгүй эрсдэлийг багасгахад чухал нөлөөтэй тул эмчдээ бүрэн зөв мэдээллэх хэрэгтэй.
- Тогтмол болон сүүлийн үед ууж байгаа эмийн бодис
- Ургамлын гаралтай эрүүлжүүлэх бэлдмэл, нэмэлт тэжээл хэрэглэдэг бол эмчдээ тодорхой мэдээллэх
- Эмийн бодис болон бусад зүйлсэд харшилтай эсэх
- Цусны бүлэгнэлт бууруулах үйлчилгээтэй эм хэрэглэдэг ( аспирин, гепарин )
- Чихрийн шижинтэй бол ЭМЧДЭЭ ХЭЛЭЭРЭЙ
ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭНД БЭЛДЭХ
- Дурангийн шижилгээний өмнө 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм бэлдмэл хэрэглэж болохгүй ба унтуулгатай дурандуулах, дурангийн эмчилгээ хийлгэх бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэх хэрэгтэй
- Дурангийн шинжилгээнд ирэхдээ хоол сойсон байна дор хаяж 8 цагийн өмнөөс хоол хүнсний бүтээгдэхүүн идэхгүй байх
- Тамхи татаагүй, бохь зажлаагүй. Хумсны лак, уруулын будгийг арилгасан байх
- Хеликобактери илрүүлэх уреазын сорил өгөх бол сүүлийн 14-28 хоног антибиотик, ходоодны шүүрэл дарангүйлах болон висмутын бэлдмэл уугаагүй байх хэрэгтэй
- Эмийн бодис ходоодны салстыг бүрхэн шинжилгээнд саад учруулдаг тул даралтны, зүрхний гэх мэт эмчийн заалтаар зайлшгүй уух эмийг өглөөний 5 цагийн орчимд усаар даруулан ууна.
ШИНЖИЛГЭЭНИЙ ЯВЦАД САЛСТЫН ӨӨРЧЛӨЛТ ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛД
Салстад эмгэг өөрчлөлт илэрсэн тохиолдолд дурандах явцдаа эмч эдийн шижилгээ авч болно. Эдийн шинжилгээгээр маш олон өвчнийг оношилдог ( үрэвсэл, шарх, хавдар г.м ). Ховор тохиолдолд шинжилгээ авсан хэсгээс цус шүүрч болно. Энэ үед цус тогтоох эмчилгээг дурангаар хийнэ.
ШИНЖИЛГЭЭНИЙ ДАРААХ ЗӨВЛӨМЖ
- Та дуран ажилбар дуусч тайвшруулах эмийн бодисын үйлчилгээ гартал эмнэлэгт эмч, сувилагчийн хяналтанд байна.
- Эмч хэзээнээс эхлэн, ямар зүйл ууж, идэхийг танд тайлбарлан хэлэх ба ихэнх тохиолдолд энгийн хоол хүнс хэрэглэдэг.
- Магадгүй таны аюулхайд цанхайх зовуурь илэрч болох ба энэ нь дурангийн үед ходоодны ханыг сайн харахын тулд хий шахсанаас үүсдэг боловч богино хугацааны дараа хэвийн байдалдаа ордог.
- Давтан үзүүлэх шаардлагатай эсэх, эдийн шинжилгээний хариу хэзээ гарах талаарх мэдээллийг эмч хэлж өгнө.
ТАНД ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ
- Хэвлийгээр удаан өвдөх
- Залгихад хүндрэлтэй байх
- Халуурах
- Цээж болон хоолойгоор хатгаж өвдөх
- Тариа хйисэн хэсэгт 48 цагийн дотор хавдах, улайх
Дурангийн Төвийн эмч Г.Ганцэцэг